Хувийн өмчөө хамгаалж эсэргүүцлийн хэдэн үг шидсэн залууг баривчиллаа. Нийтийн эрх ашиг гэх сайхан үгээр халхавчлан иргэдийн эзэмшлийн хашаа, граж, амралтын газар зэрэг юу таарснаа хууль тогтоомж, нөхөн олговоргүйгээр эвдэн сүйтгэж, хураан “тонож” байна.

Гэсэн атал хамгийн тод жишээ болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүс, Бага тэнгэрийн амны чанх хойно, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн га газар эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани Туул голын эргийн бургасыг хядаж, эрэгт нь тулган 50 айлын таун хаус босгочихсон түрэмгийллийн мөрөөр хэн ч юу ч хийж чадахгүй байгаа нь үнэн.

Энэ шударга явдал уу?!

Өнөөх нь байгаль орчны холбогдолтой бүхэл бүтэн зургаан хууль тогтоомжийг зөрчсөн хангалттай факттай байхад шүү дээ.

Эрх баригчдын алдаатай бодлого ард иргэдийг ядуурал руу түлхэж байгааг шүүмжилсэн 100 гаруй залууг 2020 онд хомроглон баривчилж байсан эрх баригчдын түрэмгийлэл жил ирэх бүр гаарч, хязгаарыг давлаа. Иргэдийг шоконд ортол, нэгдэн босч тэмцлийн хэлбэрт шилжихийг нэгэндээ уриалахаас аргагүй байдал үүсгэтэл авирлаж байна.

Өмч хувьчлал хуудуутай явагдсан, улс орныг хөгжүүлэх ёстой зээлээс хэтэрхий ихийг авчихлаа гээд бизнесмэнүүдээ хавчин гадуурхаж, баривчлан хорив…

Гэсэн хэрнээ өмч хувьчлалын булхай нь ил тод Ард кино театр, Циркийн барилга зэргийг хураан хумихгүй, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл мөн адил авчихсан эрх баригч намын гишүүнчлэлтэй бизнесмэнүүдээ шүүн тасалж саатуулахгүй атлаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг сүүлийн таван жил хил гаалиар гарах эрхийг хаагаад зогсохгүй хорьж саатуулан өмч хөрөнгийг булаан дээрэмдэж буй нь хэн нэгний өс санасан үйлдэл төдий, эрс ялгарч харагдана.

Түүнийг 2010-2012 онуудад Сү.Батболдод нөлөөлж түүний тэргүүлсэн Засгийн газрын үед төрийн өмчийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулах тогтоол гаргуулчихсан гэж буруутгадаг.

Хэрэв тийм бол эхлээд тэр нөхрийн нөлөөнд автан Засгийн газрын тогтоол гаргахдаа хүрсэн Сү.Батболд, түүний танхимын гишүүд саатуулагдан шалгагддаггүй юм уу… Бизнес эрхлэгчийн нөлөөнд автана гэдэг чинь нөгөө утгаараа авлигал авсан гэсэн үг биш үү!!!

Хөгжлийн банк төслийн нийт дүнгийн 30 хувьд зээл олгодог.

Аж үйлдвэрлэл, хүнд үйлдвэр бүтээн босгох төсөлд зээл авагчид зээлээ эргэн төлж чадахгүйд хүрсэн нь нарийн ярьвал Засгийн газрын чинь буруу биш үү?! Цөөн хүн амтай, жижигхэн зах зээлтэй байж яах гэж тавын таван цементийн төсөлд зээл олгосон юм. Валютаар зээл олгочихоод валютын ханшаа тогтвортой барихгүй яасан юм… Улс орноо хөгжүүлэх зорилготой олгосон зээл гэчихээд импортын цементүүдийн татварыг нэмэх зэргээр арга хэмжээ авч, бизнес эрхлэгчдэдээ туслахгүй яасан юм бэ. Цар тахлын үеийн хор хохирлыг тооцоод дэм болчихгүй яав?!

Үнэндээ хүнд үйлдвэр босгохоор зориглосон томоохон зээлдэгчдийн зээлээ төлж чадахгүй явж ирсний 50 хувийн буруутгал, ял зэмийг Монголын Засгийн газар өөрөө хүлээх ёстой.

Аль ч улс орныг том группүүд нь авч явдаг, тэднийхээ нуруун дээр тээгдэж хөгждөг гэдгийг ямар ч улсын захын иргэн мэднэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Төр өөрөө эдийн засгийн тогтвортой байдлыг ханган, бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгөөд, эцэст нь бизнес эрхлэгчидтэйгээ бодлогын түвшинд хамтран ажиллаж байж үйлдвэрлэгч орон болдог болохоос бизнесмэнүүд төрийн бодлогод нөлөөлчихлөө гэж далийраад нугачин дарж, тонон дээрэмдэж, шорон гяндангаар айлгадаггүй юм.

Дэлхийн аль ч орноос зээлгүй, мөнчгөрөөрөө боссон бизнес эрхлэгч, томоохон группийн удирдагчдыг олоод ирээч гэвэл олдохгүй, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талтай хэлцэл хийгээд Монголдоо олоод ирж чадах хүн Д.Эрдэнэбилэг гэдэг бизнесмэнээс өөр байхгүй нь үнэн. Ялангуяа өнөөдөр түүнийг хорьж, шоронгийн хүйтэн өрөөнд залхаан цээрлүүлж буй нэр бүхий улстөрч, түүнийг тойрсон бүлэглэлийнхэн бүр ч чадахгүй юм.

Өнөөдрийг хүртэл 49 хувийг авчрахдаа төрийн мөнгөөр авчирсан гэж буруутган хашгичих атлаа хаана байсан, ямар мөнгөөр аваад ирснийг нотлоод өгчихөөгүй л байна. Тэгээд ч төр, төсвийн мөнгийг Д.Эрдэнэбилэг гэдэг хүн халааслаад суудаг, захиран зарцуулдаг эрхтэй байгаагүй тул үнэхээр төрийн мөнгөөр авчихсан нь үнэн бол тэр мөнгийг шийдвэрлэж, шилжүүлж өгсөн албан тушаалтантайгаа эхлээд хариуцлага тооцчих л доо. Тэгэхдээ Оросын талын эзэмшиж байсан 49 хувь Монголын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний мэдэлд ирснээр буруу зөвгүй шахаа хийдэг байсан хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийг ноцтойгоор хөндсөнөөс өөрөөр юу нь буруутсан юм.

Яагаад хууль цааз, дүрэм журмаа гээгээд хувийн үзэмжээр, хэн нэгний өс хонзонгийн сэдлээр тоглолт хийгээд байгаа юм бэ!!!

Хөтөлийг булааж, Эрдэнэтийн 49 хувийг хураахдаа хүрч байгаа бол хууль шүүхийн дагуу шийдүүлж, хувийн хэвшлээс оруулсан хөрөнгө оруулалтыг нь буцаан өгөөч, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Хургандаа цадаагүй, өсөхийн өлөн нь арилаагүй, ганц өдөр хуушуур чимхээд зарж үзээгүй шалдан гуяа ганзагалсан улстөрч нэртэй нөхөд төрийн бодлого зангиддаггүй юм. Харин улсынхаа эдийн засгийг үүрч яваа шилдэг татвар төлөгч, бизнесмэнүүд улсын, төрийн бодлогод нөлөөлж бодлого тодорхойлолцох ёстой гэдгийг хатуу сана… Тэгж байж бид үйлдвэрлэгч орон болно.

Өмч хувьчлалаар бизнесмэнүүдийн гарт очсон улсын үйлдвэрүүд үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээсээ гажаагүй, алдаа оноотой ч чадан ядан урагшилсаар буй нь үүний тод жишээ.

Харин ганц өдөр бизнес хийж үзээгүй нөхдийн гарт очсон өмч хэрхэн шамшигдаж үгүйрдгийн тод жишээ, торгон баримт нь Ард кино театр, Улсын цирк тэргүүтэн юм, Засгийн газрын тэргүүн ээ!!!

Гуравхан сарын дараа ирэх оны төсөв хэлэлцэнэ. Гэтэл төсвийн цөмийг бүрдүүлэгч, томоохон татвар төлөгчдөө хэн нэгний хувийн өс хонзонгийн хатгаасаар нухчин дарсаар байх уу?!

Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг 2019 оноос эхлэн удаа дараа саатуулахдаа Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан.

Гэвч ямар бүлэг байгуулаад, хэн хэнийг элсүүлж, юу гээчийн гэмт хэргийг байнга үйлдэв гэдгийг тогтоож чадаагүй.

Дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”,  

3.5-1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэг нь хэн нэг гэмт этгээдийн хамжигч болж яллагдах ёстой болсон ч гол гэмт хэрэгтэн нь байхгүй.

Тэр хэнд урьдчилан амлаад, санаатайгаар гэмт хэрэг үйлдүүлчихсэн нь тодорхойгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, Хөгжлийн банкнаас авсан зээл зэрэгтээ тухайн үеийн Засгийн эрх баригчдад ямар нэг амлалт өгч байгаад шийдвэр гаргуулчихсан гэх утгаар хэрэг тохох гэтэл тэр үеийн Ерөнхий сайдууд чирэгдэх болоод гацчихсан.

Одоо түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэх үндэслэлээр хорьчихоод байгаа.

Яллах дүгнэлт нь хэдэнтээ өөрчлөгдөж, буруутгах үндэслэл хайсаар байгаа Шүүх, Прокурорынхон үнэндээ хөөрхийлөлттэй харагдаж байна. Эднийгээ битгий ингэж дэлхийн шившиг болго л доо…

Бизнес эрхлэгчдээ ч ингэж нухчин дардаггүй юм, эрх баригчдаа. Эсрэгээр нь үгийг нь сонсч, төрийн бодлогодоо татан оролцуулж, бизнес эрхлэх таатай орчинг нь бүрдүүлж өгч байгаад татвар авдаг, үйлдвэрлэгч орон болж хөгждөг юм.

Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг яллах гээд байгаа бол аль нэг үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хамтдаа яллагдана. Тэр яллагдах Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь харин ч бизнес эрхлэгчдийнхээ үгийг сонсч, ажиллах орчинг нь бүрдүүлж, улсаа үйлдвэрлэгч орон болгох гээд чадан ядан зүтгэж байсан байж таарах нь…

Одоо харин мах экспортлох, нүүрс тээвэрлэх квотыг хятадын талаас олгодог болж, арай ядан өндийж өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болж байсан цементийн үйлдвэрүүдийг татан унагаж эргээд хятадын цемент үйлдвэрлэгчдийн хараат болгох ажлууд эрчтэй, ээлж дараатай хийгдэж буй нь ихэд сэжигтэй байна.

Тэр дундаа үндэсний хөрөнгөтнүүд, бизнес эрхлэгчдээ луйварчин болгон харлуулж, бүтээн байгуулалтуудыг өдөр алгасахгүй нураан “устгуулж” буй явдал эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Энэ бүгдийг нэгэн цагт Хятадын тагнуул, гар хөл гэгдэж байсан, өдгөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бодлого боловсруулах түвшинд гал манаж, гол дүрд тоглон суугаа нөхөр хийж байгаа юм биш байгаа гэх хардлага нийтийн дунд хүчтэй яригдаад эхэллээ.

Тэрбайтугай, хуулинд өөрчлөлт оруулж байгаад Ерөнхий прокурорын суудалд очингоо алдсан гэх мэдээллийн эрч ч хараахан тасралгүй, яригдсаар байна.

Олны үг ортой… Нийгэмд юу болоод, хэний хатгаасаар хэн юунд гар дүрээд, үндэсний эрх ашгийнхаа эсрэг шийдвэр гаргачингаа алдаад байгаа явдалдаа эрх баригч нам анхаарал хандуулж, зогстусан дүгнэлт хийх цаг хэдийнэ болчихоод байна.

Бид ч бизнес эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүдээ хамгаалж, улс орноо үйлдвэрлэгч орон болгох холын зорилгын төлөө нүд чих, дуу хоолой болон хатуу чанд ажиллах цаг ирж.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо