М.Энхболд улс төрөөс яваагүй байж… Түүнийг тойрон хүрээлсэн, албан тушаал эрх мэдлийн бялуу мөнхийн горьдогч бүлэглэл фракциудын дээр Л.Оюун-Эрдэнийг огцом гаргаж ирэх драмыг тэр дэндүү үнэмшилтэйгээр тавьчихсан юм биш үү. Ийм үнэмшилтэй харагдуулах найруулгын зөвлөхөөр “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар ажилласан ч байж болно.

Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн эцэг гэх “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва нь Энхболдын аав Миеэгомботой нэг нутаг гэдэг. Тэрчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх нэгт төрсөн дүү Б.Баярнэмэх нь М.Энхболдын байгуулсан “Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн гэдгийг мартаж болохгүй.

Тэд жинхэнэ монгол эрс мөн л бол нутаг ус нэгт өвөг дээдэс, хүлэг морьдын хэлхээсээрээ одоо ч холбоотой байж таарна.

Энэ талаар түр орхин улстөрийн тавцанд М.Энхболдтой холбоотой юу болоод байгааг хураангуйлъя.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг чөлөөлж, Д.Ганболдыг томилсон нь М.Энхболдын нөлөө хэвээр байгааг харуулсан мессэж болов. Цүнхээ тэврээд хөөгдсөн Т.Гантөмөр өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон Д.Амарбаясгалангийн хүн. Сайдуудын сайд болж буй эрхмийн хүнийг М.Энхболдын хүнээр солино гэдэг сонирхолтой өрөг.

Д.Ганболд нь МАН хоёр хуваагдахад 32-ын бүлэгт баттай зогсож, М.Энхболдын талд дарцаглаж явсан эр гэдгийг уншигчид мартаагүй биз.

М.Энхболдын тэргүүлсэн “Хотын фракци”-ийг арчих, ул үндсээр нь цэвэрлэх акц өнгөрсөн хугацаанд МАН-ын дотоодод өрнөж байсан ч 32-ын бүлэг нь бүрэлдэхүүнээрээ шахам парламентад сууж байна.

Парламентаар тогтохгүй Засгийн газарт ч давхар дээл нөмрөн нэлийтэл ороод ирлээ. Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Ж.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, Х.Баделхан, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нараас гадна шинээр сонгогдсон Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Ц.Цэрэнпунцаг, Ж.Чинбүрэн, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Г.Ганболд, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Батлут, Н.Батшугар нарын дийлэнхийг М.Энхболдынх гээд шошго наачихад алдсан болохгүй.  

Төв аймгаас УИХ-ын гишүүн болсон Ж.Батжаргал М.Энхболдын дагуул гэдгийг нутаг усны нь хорхой шавьж ч хэлээд өгөх биз.

“Сөүл” гэх Д.Өнөрболорыг МАН-ын Нийгэм, эдийн засаг бодлогын газрын даргын албан тушаалд тавьж, улстөрийнх нь гишгүүрийг зассаар өдий хүргэсэн хүн нь М.Энхболд.

Э.Батшугар ч шийдвэрлэх кнопыг М.Энхболдын талд дарах магадлал өндөр. М.Энхболд, Н.Энхбаярын эвлэсэн, эвдрэлцсэн он жилүүд дэндүү их.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход Сү.Батболдын фракц дэмжиж, дэмнэж байсан бол одоо өөрчлөгдсөн.

Удирдах зөвлөлөөс жийгдсэн Сү.Батболдын дагагчид хэдийнэ М.Энхболдын гэх бүлэглэлтэй нэгдэн эрх ашгаа тодорхойлсон. Сү.Батболд бол дуусашгүй тактиктай нэгэн. МАН-ыг бүрэн эзэрхийлэх хөрсөө бага багаар бэлдэж ирсэн бөгөөд албан тушаалын томилгоо бүрийн ард жин дарж суудаг мөнгөтэй эрхэм.

Л.Оюун-Эрдэнийн танхимд орж ирсэн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нь М.Энхболдын хүн. Түүнийг У.Хүрэлсүхийн 33-ын бүлэгт багтаах гээд бараагүй гэдэг.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бол Сү.Батболдын МГИМО фракцийнх. Тэрбээр шинэ яаманд хоёр фракцийн нөлөөгөөр морилов.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 32-ын бүлгийнх. Эцсээ хүртэл үнэнч яваа хүн гэвэл түүнийг хэлэх байх.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар Л.Оюун-Эрдэнийн кабинетад хөл тавив. МАН хоёр талцан 32, 33-аар бүлэглэхэд баргийн зүйлд ам ангайж, ил гардаггүй байсан тэрбээр М.Энхболдын талд манлайлан босч байв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ч М.Энхболдыг дэмжигч 32-ын бүлгийнх. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт шүүмжлэгчийн байр сууринаас хандаж байсан тэрбээр Л.Оюун-Эрдэнийн кабинетад багтсан нь М.Энхболдын нөлөөлөл гэдэг.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ч аядуу зөөлөн даргын шадар цэрэг. Хотын фракцийн хатавчаас Хот байгуулалтын сайд болтол чирсэн хүн нь М.Энхболд.

Тэрбээр мөрдэсээ хуулдаг цэрэг шиг Ж.Мөнхбатаа ч шинэ Засагт багтаачихаар зүтгүүлж байна. Худынхаа дэмжлэг, татаасаар өдий хүрсэн гэгддэг С.Амарсайханыг зайлуулахад Ж.Мөнхбатад суудал гарна хэмээн төлөвлөн дайрч байна.

Ингээд хөөвөл 16 яам, 21 сайдтай Л.Оюун-Эрдэнийн кабинетын 40-50 хувь нь М.Энхболд, Сү.Батболд нарын халаасанд багтчихлаа.

Тэгэхээр 60 тэрбумын гэх хэргийг өөртөө зориулж зохиолгоод хөөгдсөн болж жүжингээ эцэг өвгөдийн угсаа гарал, нутаг нуга нэгтэй “дүү” Л.Оюун-Эрдэнээ намын гол тоглогч болгосон нүүдэл М.Энхболдынх байсан юм биш байгаа гэх хардлага эрхгүй төрж байгаа юм.

Ямартай ч тэрбээр эрх баригчдын дотоодод “амьд” оршиж, 60 байтугай 600 тэрбумаар жонглёрддог нууц ноёнтон шиг үзэгдэх болов.