Эрх баригчид намын даргаа сонгов гэхээсээ Х.Баттулга МАН-ын даргыг томилов гэвэл илүү онох байх. Одоо тэрбээр бага хурлын бүрэлдэхүүнд нь их цэвэрлэгээ хийж өгөөд Засгийн газрыг сэлгэн шинэчлэх ажилд орно. Энэ бүгдээ чимээ анир багатайхан хийхийн тулд УИХ-ын даргын суудлыг Сү.Батболдын фракцид тавьж өгөхөөр тохиролцоод амыг нь хамхисан гэх мэдээлэл дуулдаж байна. Үнэндээ төрийн гурван өндөрлөгийг гурвууланг нь авчихалтай биш, тоглоомыг шударга байлгах гээд өгөх биз. 

Цаст уулын цагаан барс цагаа ирэхээр шоргоолжинд бариулна аа гэж…

МАН-ын ихэс дээдэс дотооддоо алалцсаар эцэстээ МоАХ-д идүүлж дуусч буй нь энэ бололтой. Яалтай билээ. АН-ын ойн баярын өдөр МАН-ын их хурлаар танц эргэсэн Х.Баттулга супер тоглогч болж. Тэр “Чингис хаан”-аас бусад банкийг ч гартаа оруулав бололтой. Жолооч бол жолооч л байдаг юм байна. Цагтаа Х.Баттулгын жолооч явсан сахал хочит Д.Эрдэнэбилэг ч үнэнд гүйцэгдэв. Худалдаа хөгжлийн банкныхан Эрдэнэтийн 49 хувиа хураалгасан гэх ч өдий хүртэл гоншигнон уйлалдаагүй нь энэ байж. Эрдэнэтийн 49 хувийг төр хурааж аваагүй, харин хураасан нэрийн дор олны дайралт, хэл амыг түрхэн зуурт дарж тоглосон байх нь… Одоо тэнд Н.Багабанди, Х.Баттулга хоёр өрлөг хийнэ гэчихэд хэт далий хардсан болохгүй биз.

Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг баялаг, банк хоёрт эзэн суучихсан нөхдийн бууз жигнэх зуурт тааруулж тавьдаг цаг төдий бөгөөд дуугарч дуусах хугацаа нь удахгүй гээд мөрийцсэн ч хол унаж, алдахгүй.

Тэр утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатарын алх барих цаг энэ хүрээд зогсох бололтой.

Намрын чуулган эхэлснээс хойш хоёр ч хуулийн төсөл дээр сэжиг бүхий байдлаар идэвхийлэн зүтгэж, эрх мэдлээрээ далайлган дарцаглаад намба алдсан тэрбээр Х.Баттулгатай уул ус, ураг төрлийн хэлхээтэй нэгэн.

Тэр энэ хүртэл хэрхэн явж ирэв… цаг хугацааг хальтхан ухрааж, саная…

Улс төрийн унтаа муужгай гэгддэг УИХ-ын дарга Г.Занданшатар гэж хэн бэ?

Тэрбээр төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг алагдсаны маргааш буюу 1998.10.03-нд тухайн үеийн МАХН-д элссэн байдаг. Улмаар 2004 онд УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулав. Н.Энхбаярын үед насаараа намын хаяа бараадсан аав Д.Гомбожав нь найз нөхөддөө захиж, Хөдөө аж ахуйн банк (ХААН)-нд гадаад тооцооны менежер байсан Г.Занданшатарыг улс төрд ийнхүү хөл гишгүүлсэн хэрэг.

Яг л Э.Батшугар шиг аавдаа хөтлүүлж, ээждээ үнсүүлээд 23 жилийн өмнө улс төрд орж ирсэн тэрбээр 1999 онд Монголбанкны Сургалтын төвийн захирлаар томилогдон мөн ондоо Хөдөө аж ахуй дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч болсон байдаг.

У.Хүрэлсүхийн гэх тодотголтой Монголын ардчилал социалист залуучуудын холбоог Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо болгон нэр логог өөрчилсөн шигээ Хөдөө аж ахуйн банкийг ХААН болгон нэр, логог өөрчилсөн хүн нь ТЭР. Уг залуучуудын холбоо У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрыг хагацашгүй нягт холбоотой болгосон газар.

Тасралтгүй зузаарсаар буй Спикер

Түүний хөрөнгө орлого тогтмол ногоорч, өссөн үзүүлэлттэй гардаг бөгөөд 2019 онд 124 сая 305 мянга байсан бол жилийн дотор 5 дахин нэмэгдэж 2020 онд 506 сая 459 мянга болсон байдаг.

Гэр бүлийн нь орлогын тухайд 2019 онд 74 сая 448 мянга байсан бол 2020 онд мөн өсч 85 сая 200 мянга болсон.

Орон сууц барилга байгууламжийн хувьд 2019 онд зуслангийн байшин нэмэгдэж нийт 1 тэрбум 175 сая төгрөгийн үнэ бүхий 3 барилга байшинтай болчихоод байгаа.

80 сая төгрөгийн үнэлгээтэй Суудлын жижиг машин, Nissan, Murano гэх автомашинуудаар зогсоолоо дүүргэсэн тэрбээр 130 саяын үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй.

Дотоод гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 200 орчим сая төгрөг.

Гэхдээ жилийн өмнөх мэдээллээр шүү дээ…

Аалз торноосоо хол арвагнахгүй

Парламентад сонгогдсон туршлагаараа У.Хүрэлсүх, Х.Баттулга нарыг хол хаях ч улс төрийн тоглолтоороо хэн ч биш. Чимээгүй, төвийг сахисан дүнсгэр нэгэн. Гэхдээ хумсаа нуусан муур шиг далд тоглолтод гаршсан гэдгийг намынхан нь хэлж байгаа.

2012 онд МАН-д дотоодын “дайн” дэгдэхэд тэр Н.Энхбаярын хэвтүүлээр Ө.Энхтүвшингийн удирдлага дор намын генсэкээр томилогдож байв.

С.Баярын фракц шахагдаж, арга мухардахдаа “Өгөөмөр” захын эзэн Ө.Энхтүвшинг Бага  хурлаас намын даргаар батламжилсан үе…

Намынхандаа далаараа тавиулж, карьеараа дуусгах шахаж байсан Н.Энхбаяр Г.Занданшатарыг дэргэдээ авч Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах хорыг найруулсан гэдэг. Тэгэхээр тэр Н.Энхбаярт ач санах олон шалтгааны нэг нь энэ.

Н.Энхбаяр ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “У.Хүрэлсүх надад Энхбаяр гэдэг хүний ачаар чи бид хоёр ингэж яваа шүү гэж Г.Занданшатарт үргэлж хэлдэг юм” хэмээн ам алдсан байдаг.

Үүнийг батлах мэт Н.Энхбаярыг хориход байхад уулзах хүсэлт гаргаж байсан хүн нь Г.Занданшатар. Хоёр намын нэгдлийн асуудалд ч онцгойлон оролцож, Н.Энхбаярын байр суурийг У.Хүрэлсүхэд дамжуулан зарим үед жижиг хэмжээний хов хутган хор найруулж явсан гэлцдэг.

Н.Энхбаяртай энэ мэтчилэн хэлхээтэй байдаг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй түг түмэн зүйлээр холбогддог. Олны мэдэх нь Хадгаламж банк. Тус банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон асуудалд хэн хэн нь холбоотой.

Түүний хүрээн дэх нөхдийн бүртгэлээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг ч орхигдуулж болохгүй. Физикч мэргэжилтэй ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж явсан залуу У.Хүрэлсүхтэй гар нийлсэн нь 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн. Тухайн үед У.Хүрэлсүх Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч болж, Я.Содбаатар нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан үеэс тэдний зам нийлсэн.

Үүнээс хойш У.Хүрэлсүх албан тушаалын шатаар өгсөх бүрт Я.Содбаатар, Г.Занданшатар нар хос чиргүүл мэт хэлхээтэй явдаг.

Г.Занданшатараас “хооллодог” туслахууд

“Эрдэнэс силвер монголиа”-гийн захирлаар Г.Занданшатарын зөвлөх асан С.Баярмөнх томилогдсон.

Монголбанк болоод Хадгаламжийн даатгалын корпораци бол УИХ-ын дарга Г.Занданшатарын ширээн дээрх хөлөгт тоглоом гэсэн үг. Тэр хүссэн үедээ “хүүхдүүд”-ээ түлхэнэ.

Түүний “хөвгүүд”-ийн нэг нь Б.Лхагвасүрэн болоод Г.Энхтайван. Г.Занданшатарт төвбанкинд Б.Лхагвасүрэнгээс гадна дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван гэж нөхөр бий. Түүнийг Б.Лхагвасүрэнгийн замналаар чирч яваа.

Эхлээд “Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захиралаар томилуулж, удалгүй төвбанкны дэд Ерөнхийлөгчөөр татсан. Г.Энхтайваныг УИХ-ын дарга Г.Занданшатар болоод УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын дундын туслах байсныг улстөрчид болоод парламентын сэтгүүлчид андахгүй.

Тэрчлэн Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сар гаруй ажилласан ч орон нутгийн сонгуульд арчуулсан Б.Батбаяр гээч хөдөөх эр мэргэжлийн бус ч Г.Занданшатарын шууд дэмжлэгээр “Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо мөн УИХ-д харьяалагддаг. Тус Хорооны Ажлын албаны даргаар нутгийн дүү Т.Жамбаажамцаа ажиллуулчихсан сүйхээтэй спикер дээ.

Үүнээс гадна Г.Занданшатар өвөрмөц тоглолттой. Тэрбээр хүний өөрийн зөвлөх, туслахуудад хэтэрхий гэмээр элгэмсүү нэгэн гэдэг. Хаанаасаа хаалгач нь гэдэг утгыг айхтар мэддэг бололтой.

УИХ-ын даргаар томилогдсон цагаасаа эхлэн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд, Т.Аюурсайханы зөвлөх Б.Отгонжаргал, Б.Баттөмөрийн зөвлөх Ц.Хишигжаргал нарын байгуулсан “Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо” тэргүүтэй Төрийн бус байгууллага, бусад холбоодод УИХ-ын Тамгын газраас гэрээний төлбөр нэрээр хэдэн арван сая төгрөгийг удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэх баримтууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үргэлжлэн цацагдсаар байна.

Усч хүн усандаа халина гэгчээр банкнаас гараагаа эхэлсэн Занданшатар банкиндаа ороогдох цаг ирэх вий

ХААН банкнаас ажлын гараагаа эхэлж байсан Г.Занданшатар Хадгаламж банкны 14 тэрбумаар хэрхэн мөр үлдээлгүй наадаж болохыг дээд доод нөхөддөө харуулж, амтанд нь оруулсан гэгддэг. Үнэхээр ч намын залуучуудын байгууллагын дарцаг дэрвүүлэхээс өөрийг мэддэггүй байсан У.Хүрэлсүх, Я.Содбаатар, оёдлын машин тэвэрч гүйсэн Х.Баттулга гээд бүгд банкинд “шингэлээ”.

Тухайлбал, Я.Содбаатарын гар хөл Хөгжлийн банкинд үүрээ засч, өндөглөөд удаж байна. Эцэг, эхээс тавуулаа гэх түүний төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Монгол Улсын Хөгжлийн банкны захиргаа удирдлага хариуцсан дэд захирлаар ажилладаг. Тэрбээр 2016 оноос ажиллаж эхэлсэн буюу МАН Засагласан он цагтай давхцана. Я.Сод-Эрдэнэ сарын 8.5 сая төгрөгийн цалинтай.

Я.Содбаатарыг 2016-2020 оны УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд ах Я.Сод-Эрдэнэ болон түүний эхнэр Р.Сарантуяа нарын хамаарал бүхий “Нача-Оч” ХХК Эрдэнэт үйлдвэрт ган хоолой нийлүүлж 1.9 тэрбум гаруй төгрөгийг хэсэгчлэн авсан байдаг. Мөн ах нь эхнэрийнхээ хамт эзэмшдэг “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК-иараа Эрдэнэт үйлдвэрээс 2.5 тэрбум төгрөг авсан баримт ч ил болсон.

Өөрөөр хэлбэл, ах нь Хөгжлийн банкинд ажиллаж их хэмжээний цалин авахаас гадна Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг болж таараад байгаа.

Түүний эхнэр буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын бэр эгч  Р.Сарантуяа Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газрын даргаар 2016 онд томилогдон ирсэн байдаг. Түүнийг Я.Содбаатар ажилд оруулж өгсөн гэлцдэг бөгөөд хожим нэлээн хэл аманд орооцолдож, ажлаасаа гарсан.

Төрсөн дүү Я.Содсоёмбо нь ЖДҮХС-гийн мэргэжилтэн. Дүүг нь амаржихад тусгай тушаал гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж өгсөн асуудал хэсэгтээ шуугиан тарьж байв.

Я.Содбаатарын бас нэг дүү Я.Содчимэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн Даатгал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Ингэхдээ тус компаниас зарласан тендэрийн менежер, Үнэлгээний хорооны гишүүнээр яаж ийж байгаад л ажиллачихдаг даам нөхөр гэж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр Хөгжлийн банк нэг их наядын хугацаа хэтэрсэн өртэй болж дампуурахдаа тулсан.

Тэгэхээр дампууралд хүргэсэн буруутнуудыг хайвал яалт ч үгүй Я.Содбаатар болон Г.Занданшатарын холбоотнууд гарч ирэх нь зайлбаргүй.

Хөгжлийн банкинд Хотын дарга Д.Сумъяабазарын баз Г.Төгөлдөр ч орогносон. “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Гүр-Аранзын хүү Г.Төгөлдөр НХМЗХ-ны шошготой. Тэрбээр Д.Сумъяабазарын гэргий Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй гэр бүл болж хотын дарга Д.Сумъяабазар, Асашёрюү Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад базынхаа дэмжлэгээр Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож байв.

Хамгийн сүүлд Г.Занданшатарын хүн гэх тодотголтой Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Тэмүүжин ч Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар очсон.

Энэ нь ХААН банкны арилжаатай холбоотой шагнал юм байх.

Төрийн банкны 75 хувийг эзэмшдэг, Хадгаламж банкны суурин дээр баригдсан Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагаар өнөөгийн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилж байсан. Тэр үед Г.Занданшатар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Энэ үеэс Г.Занданшатар төвбанкны Ерөнхийлөгч болчихоод байгаа Б.Лхагвасүрэнг бөөрөндөө нааж, чирч гулдарсаар яваа гэдэг. Дээр нь Сангийн сайд Б.Жавхлангийн татаастай.

Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нар төвбанкинд хамтдаа олон жил ажиллаж, нөхөрлөсөн нөхөд. Олон ч ажилд гар нийлж, амжуулж явсан холбоотнууд гэдгийг банк санхүүгийн салбарынхан бүгд хэлнэ.

Сангийн сайд Б.Жавхлан Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан нэгэн бөгөөд өдгөө ач санаж энэ талаас ирсэн санал, гомдлыг очер дайруулан шуурхай шийдвэрлэдэг гэж байгаа.

Ингээд харвал Г.Занданшатарын хөл гар хүрээгүй банк гэж байхгүй болоод байна.

ХААН банкны 60 хувь буюу Спикерийн мэдэх хөзөр

Японы “Савада Холдингс” компани ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг байв. Үүнийхээ 32 хувийг “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-д худалдахаар болж, үүнийг нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зөвшөөрсөн дуулиан сүүлийн үеийн анхаарал татсан мэдээллүүдийн нэг болоод байгаа.

Гэхдээ холион бантант мэдээллийн ард Худалдаа хөгжлийн банк ХААН банкны 60 хувийг халааслахаар зэхэж, үүнд нь УИХ-ын дарга, Сангийн сайд, төвбанкны удирдлага оролцсон гэх хардлага хүчтэй явж байна.

2019 оны дөрөвдүгээр сард Японы “Мета капитал” ХХК, Монголын Худалдаа хөгжлийн банк хоёрын хооронд “Савада Холдинг”-ийн хувьцааны тодорхой хувийг шилжүүлсэн гэрээ бий.

Япон улсын “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон байдаг. Энэ тухай Монголбанкнаас 2021.10.26-ны өдөр ХААН банк руу илгээсэн бичигт бий.

“Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК-ийг нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хүү эзэмшдэг гэдэг.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хөшигний ард яг ийм схемээр Худалдаа хөгжлийн банкны халаас руу гулссаныг олон нийт мэднэ.

Харин энэ удаад өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Сангийн сайд, төвбанкны удирдлагын оролцоотойгоор ХААН банкны 60 хувь TDB рүү шилжих нь бололтой.

Гэхдээ сүүлийн долоо хоногийн хамгийн супер мэдээ нь ХААН банкийг авлаа гэгдэж байсан Х.Баттулга ХААН банкийг TDB рүү гулгуулаад, эцэст нь TDB-гээ ХААН банктай юутай нь халаасалчихлаа гэх мэдээлэл…

Эхлээд Голомтыг, одоо TDB-г залгиж байна гэгдэж буй тэрбээр үүнийгээ нэлээд эртнээс хийж эхэлсэн юм байх. 2019-2020 оны зааг дээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гэнэт гаргуулсны учиг энэ бөгөөд тухайн үед Японы иргэн Хидео Савада Ерөнхийлөгч Х.Баттулгатай хувьцаа худалдах асуудлаар уулзаж байсан гэдэг.

Тэр үед хотын дарга Д.Сумъяабазар ХААН банкинд санаархаж байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн чуулганы хуралдаан дээр цухалзуулаад орхисон. Хэдийгээр Д.Сумъяабазар тэр даруй мэдээлэл хийж, үгүйсгэсэн ч Ч.Хүрэлбаатарын хувьд тийм ч баримжаагүй факт унагаад байдаг сул нэгэн биш гэлцээд эл яриа намжсан. Гэтэл одоо Японы иргэн Хидео Савадаг асашёрюү Д.Дагвадорж дагуулж явахад нь банкийг Д.Сумъяабазар авах гэж байгаа юм байна хэмээн Ч.Хүрэлбаатар эндүүрсэн байж. Үнэн хэрэгтээ нэгэн цагт жолооч нь яваад зам салсан сахал хочит Д.Эрдэнэбилэгт хэн гэдгээ харуулахаар Х.Баттулга хөдөлж эхэлсэн үе нь тэр байж хэмээн намын дотоодод яригдаж байна.

Томоохон наймаа, томоохон хувьчлалд гар бие оролцсон нөхөд үүргээ гүйцэтгэчихээд албан тушаалаас буудаг бохир жишиг бий…

Тэгэхээр Г.Занданшатарын халаагаа өгөх гэж буй мэдээлэл ХААН банкны 60 хувь Худалдаа хөгжлийн банкинд, харин Худалдаа хөгжлийн банк Х.Баттулгад очлоо гэх таамагтай зэрэгцсэн нь хэн нэгний санамсаргүй цуурсан цуу гээд тоомжиргүй хаячихаж болохгүй сонирхолтой бөгөөд анхаарал хандуулам асуудал.  

Тэрбайтугай хулгайч нь хулгайчийг бариарай гэж хашгирдаг шиг луйвар дагуулсан зохиомол койнууд, тэдгээрт шингэн алга болсон гэгдээд буй 8 их наядын мөрийг “Зах зээлд шинэ койн гаргахыг хориглолоо” хэмээн лүндэндээд байсан УИХ-ын даргын ойр орчмоос хайхад гэмгүй гэх мэдээлэл ч өчигдрийн МАН-ын бага хурлын үеэр эрчтэй хөвөрснийг судлаад үзэхэд илүүдэхгүй юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *