Мэдэн будилж, гэнэн цагаан дүр үзүүлсэн УИХ-ын дарга юу л хийгээд яваад байна даа. Тэрбээр урд зүгт найр тавьсан л бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулаад ч болов дэмжихэд бэлэн байдаг болоо юу гэмээр анзаарагдах болов.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ил цагаан дэмжиж, ЯАРАЛТАЙ гэсэн шошго нааж дөрлөөд зүтгүүлж байсан нь мартагдагдаагүй байна. Дөрвөн гишүүний нэрээр өргөн барьсан 50.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 150 сая төгрөгөөр гадныханд виз олгоё гэсэн эл төслийг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар УИХ-ын даргатай нийлж эцсээ хүртэл зүтгүүлсэн.

Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яаруу юм шүү хэмээн очёр дайруулж, хэн ч анзаараагүй шахам байхад гэнэтхэн бөгөөд сэмхэн хэлэлцэхээр шууруулж байсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар АНУ яваад ирсний дараахан болж байв. Тэд эртнээс гар нийлж, хамтран ажиллаж дадсан нөхөд.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа Европын холбоонд захидал хаягласнаас үүдэн Монгол Улс саарал жагсаалтад орсон “хэрэг”-ийг ч олон нийт мартаагүй биз. Бүгд Х.Булгантуяаг буруутгаж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар өмгөөлж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан “гэмт этгээд”-ээр тухайн үеийн Монголбанкны удирдлага Н.Баяртсайханыг нэрлэн чөлөөлж байв.

Сэжиггүй царай гаргачихаад чоно борооноор гэгчийн үлгэрээр сиймхий ашиглахдаа тун гаргуун гэдгээ тэрбээр 5.5 тэрбумын өртөгтэй “Богд Зонхов” төслийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр 32 тэрбум болтол огцом өсгөж харуулсан. Төслийн өртөг гэнэт өссөний учир нь Г.Занданшатарын лобби байсныг өдгөө бүгд мэдэж байгаа.

Богд Зонхова хөшөө барих саналыг Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар гаргаж, төсөв батлагдахаас өмнө өөрсдийн хөрөнгөөр бариулж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар хэтэвч нэг нөхөд. Тэд “Монголиан силикон валли” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Г.Занданшатар болон гэргийнх нь нэрээр олон компани бүртгэлтэй хэдий ч АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөсөн нь хоёрхон. Түүний нэг нь Ц.Цэрэнпунцагтай хамтран эзэмшдэг эл компани.

Цар тахлын нөлөөтэй нүүрсний экспорт зогсч улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбумаар тасалдан нүүрс тээврээс орлого олдог өрх бүл, тээврийн компаниудын өр, зээлийн хүү, алданги нэмэгдэж санхүүгийн байдал нь хүндэрч байхад эрхэм УИХ-ын дарга, түүний гэр бүлийн орлого жилээс жилд өссөн дүнтэй байгаа.

Тэрбээр энэ удаад Автотээврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг зүтгүүлж байгаа нь нэн сэжиг бүхий.

Зүтгүүлж буй нэмэлт өөрчлөлт хичнээн их эрсдэл дагуулж болохыг салбар хариуцсан сайд нь учирлан татгалзаж байхад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бөөн хуулин дунд боон хавчуулж, түүнийг нь УИХ-ын анхны хэлэлцүүлэгт мөнөөх Х.Булгантуяа танилцуулж байгаа нь сонирхолтой.

Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад найр тавьсан, тэдэнд илт давуу байдлыг олгох өндөр эрсдэл дагуулсан энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байх энэ өдрүүдэд нэг л танил сценари ханхлаад байгааг хэлэх нь зүйтэй.

Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нэрийн дор иргэн харьяатын асуудлыг шийдвэрлэх далд агуулгатай төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нарын нэр хавчуулагдан тэднийг орчлонгийн хамгийн адаг хүмүүс гэх мэдээлэл тасралтгүй хөвөрч байсныг саная.

Гэтэл энэ удаад БНХАУ-ын төмөр замын корпорацийн Хөх хотын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн орлогч захирал тэргүүтэй 10 гаруй дарга нарын саатуулагдан шалгагдаж буй хэрэгт Монголын талаас Л.Халтар сайд гарцаагүй холбогдож таарна гэх таамаг мэдээллүүд хүчтэй тарж байна.

Авто тээврийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг салбар хариуцсан сайд өргөн барих учиртай ч эсрэгээрээ болзошгүй эрсдлийг тайлбарлан татгалзаж байгаа болохоор түүнд хаяглагдсан хар бараан мэдээллүүд ийнхүү тасрахгүй байгаа юм биш биз гэх хардлага эрхгүй төрж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно” л гэж зааснаас бус бусдын хариуцсан салбарын асуудлыг өмнөөс нь өргөн мэдүүлж, барьж гүйх тухай тусгагдаагүй.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бөөн хуулин дунд хавчуулж, Г.Занданшатарт атгуулаад 20 ч хоноогүй байхад өнөөхийг нь Х.Булгантуяа танилцуулж яаравчлуулаад сууж буй нь сонирхолтой.

Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх хугацаа багадаа 20 хоног байдаг. Ингэхдээ хэд хэдэн үе шатыг дамжин хянагдах ёстой.

Тэр дундаа Авто тээврийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй атлаа эцсийн хэлэлцүүлэгт очёр дайран зүтгэлж яваа нь хардлага дагуулахаас аргагүй байгаа.

Х.Нямбаатар, Х.Булгантуяа нар “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төсөлд оруулж буй

  • 8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
  • 8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэх хоёр заалтыг

“Авлигал, албан тушаалын хэрэг гааруулж мэдэхээр байгаа C зөвшөөрөл гээчийг нь Засгийн газраас олгодог л болгох гэж байна, буруу юу” гэх нь холгүй тайлбарлаж байгаа юм.

Үнэн хэрэгтээ энэ нь Х.Булгантуяа гишүүний Хөрөнгө оруулалтын тухай гэх тэс ондоо хуулийн дор гадаадын иргэн харьяатын асуудал оруулж ирдэгтэй яг адилхан, агаар нэг хэрэг!!!

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр С зөвшөөрлийг Засгийн газар олгоно. Ингэхдээ уул уурхай болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас квот олгох байдлаар шийдвэрлэнэ гэж ГОЁ уншигдаж байгаа. Тойруулалгүй, товчхон ойлгоход “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийг хэнээр, ямар компаниар тээвэрлүүлэх саналыг нүүрс худалдан авагч талын хүсэлтэд үндэслэн, тэдэндээ C зөвшөөрлийг олгуулна.

Харин нүүрс худалдан авагч БНХАУ-аас Монголын хөрөнгө оруулалттай тээврийн компанийг нэрлэхгүй нь ойлгомжтой. Нүүрс тээврийн 220 гаруй Хятадын хөрөнгө оруулалттай компани байхад, тэр дундаа тээврийн салбараа дэлхийд гайхагдтал дэмждэг хөрш орон манай улсын тээврийн компаниудыг сонгоно гэдэг ёстой мянгуужингийн үлгэр.

Ийм л заалт, ийм л нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж, үндэсний тээврээ өөрсдийн гараар боомилох гээд байгааг Г.Занданшатарын даргалсан парламент ухаж ойлголгүй батлах гээд, хэлэлцүүлээд яваад байгаа нь харуусал, эргүүлж засч дийлэмгүй алдаа болох юм.

Яг энэ алдаа, учирч болзошгүй эрсдлийг хэлсэн Л.Халтар орчлонд байхгүй муу хүн болж, Хятадад шалгагдаж буй хэргийн хамсаатан гэгдтэлээ бичүүлээд түүний орноос Х.Нямбаатар “Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэллээ. Богино тээвэр зэрэгцэн хийгдэж байгаа” хэмээн Зам тээврийн сайд уу, Уул уурхайн сайд билүү гэж эргэлзтэл жиргэж суугаа нь энэ Засгийн газрын дэндүү завтай, хөл толгойгүй болтлоо эмх замбараагүй ажиллаж байгаагийн илэрхийлэл болсон ЭМГЭНЭЛТ үзэгдэл гэчихэд хэтийдсэн болохгүй.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо