Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр зээл авч, авсан зээлээ зориулалт бусаар ашигласан гэх асуудалд буруутгагдаад байгаа концессын мангас гэгддэг С.Бямбацогт Зам тээврийн сайдад санаархаж явна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унахад дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, хор хутгаж явсан гэдэг их эр.

Байнгын ажиллагаатай парламентад дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ганц жил ажилласан “богино” намтартай ч идэж уусан гэх уртын урт төлбөр тооцооны “хуудас”-тай эрхэм. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газарт шургалаад гарахдаа л өөрийн хамаарал бүхий “Алтай трест” компанид концесс авч өгчихсөн сүйхээг нь бодвол баргийн аавын хүүг дагуулахааргүй элдэвтэй нэгэн гэдэг нь тодорхой. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хойдохыг уншсан 807 тэрбум төгрөгийн өртөг бүхий алдарт 7 концессын нэг нь С.Бямбацогтынх байв шүү дээ.

“Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой”, “Говь”, “Хар тарвагатай”, “Ремикон”, “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч түүний гэр бүлийн орлого нь буудай шиг аривжиж гурав дахин өссөн тоон мэдээллийг АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Саяастнаас тэрбумтны эгнээ руу огцом үсэрсэн эл орлого нь ердөө сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлт.

Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үзэгдэхээ больсон “Нью прогресс групп” С.Бямбацогтынх гэдгийг хүүхэд хөгшидгүй мэдэх болсон. Энэ группийг төрсөн дүү С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нарын хамт үүсгэн байгуулж, улмаар хувьцаагаа хүү Б.Билгүүндээ шилжүүлснээр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ “цэвэрлэж”, хэлбэр төдий хууралтыг хийгээд байгаа.

Өдгөө группийг нь төрсөн дүү С.Балжинням удирддаг бөгөөд 5 салбар компанитай.

  • “Алтай трест” ХХК
  • “Алтайн зам” ХХК
  • “Эс Би Холдинг” ХХК
  • “Нью Минерал” ХХК
  • “Мост интернэйшнл” ХХК 

Төрсөн дүү нар нь эрхлэн ажиллуулдаг эдгээр компаниас “Алтай трест” нь 81.8 тэрбумын өртөгт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 2019, 2020 онуудад авсан.

Хүний шуналд хязгаар үгүй гэдэг ч С.Бямбацогтын шунал хязгааргүйг ч давсан байх нь аймшигтай. Ийм шуналтай хүнд төрийн жолоо атгуулж яагаад ч болохгүй юм.

Түүний гэр бүлийн нэгдсэн хэтэвч болох “Нью прогресс групп” нь Хөгжлийн банкнаас 10.3 тэрбум төгрөгийн, группийн охин компани болох “Алтайн зам” 21.5 тэрбум, “Алтай трест” 8.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан “Говь” компани нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг хоёр удаа авсан бол “Гоёо” ХХК нь 20.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан байгаа нь даанч увайгүй.  

Үүнээс өмнө Чингис бондоос мөнөөх “Алтай трест” ХХК 6.1 тэрбум, “Алтайн зам” ХХК 19.3 тэрбум төгрөгийн зээлийг авч байв.

“Алтайн зам” ХХК-ийн хамтран хувьцаа эзэмшигч Сайндайн Гансүх гэж хүний нэр дээр “Сайндайнзам” гэх ХХК бий. Энэ компанийн албан хаяг дээр аялал жуулчлал, гадаад худалдаа, ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа, дуудлагын жолоочийн үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй “ЭСПАДА” компани давхар бүртгэлтэй байдаг бөгөөд захирлаар нь Б.Энхболд гэж нөхөр ажилладаг. Энэ залууг “Хаан хүнс”, “Хаанбууз”-ын эзэн гэдгээр хүмүүс сайн мэдэх биз.

Харин хахаж цацаж, огиж гулгитлаа тендэр, зээл нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр хүүдэгнэж яваа “Алтайн зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбатын нэр дээр “Алтайстрой”, “Артовцогт манхан”, “Булган хэлхээ”, “Вачараяана”, “Либералгэр”, “Кауд майн”, “Нор хур катеринг”, “Жангар уран бүтээлийн холбоо” зэрэг хэл орооцолдож хугармаар олон арван компани байгаа юм. Энэ олон эрээлжилсэн юмнаас нь Эрдэнэт үйлдвэрт 147.1 тэрбумын өртөг бүхий уян дэлгэц нийлүүлэх тендэрийг өнгөрсөн намар авсан “Кауд майн” компанийг нь бүгд мэднэ.

Муу хүнд үг бүү дай, Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг… С.Бямбацогтын шунал, гэнэт хөрөнгөжиж буй цуврал түүх үүгээр дуусахгүй.

Сандаг Бямбацогт нэрээр Нээлттэй мэдлэг боловсролын сан, “Залуусын түүчээ”, “Бид нэг монгол”, “Хөгжлийн хөтөч манлайлал”, “Хүнлэг монгол”, “Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Ховд аймгийн нутгийн зөвлөл”, “Лосолын лааган сан”, “Хөрөнгө оруулалт худалдааг дэмжих агентлаг” зэрэг хачин гоё нэртэй олон төрийн бус байгууллагатай “шуналын тулам”.

Улстөрийн нам, итгэл үнэмшил хамаарахгүйгээр хутгалдаж, идэш уушаа базаадаг сүлжээ нь түүний Төрийн бус байгууллагууд гээд хэлчихэд хол зөрөхгүй биз.

“Нээлттэй мэдлэг боловсролын сан” төрийн бус байгууллагад нь гэхэд АН-ын гишүүн Р.Амаржаргал бий. Р.Амаржаргалын аав Ховдын гэх угшлаар С.Бямбацогттой ойр харилцаатайг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жанцанноров, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батсуурь, хамба лам Д.Чойжамц, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар түүний эл төрийн бус байгууллагад бүртгэлтэй.

Удирдах зөвлөлийн дарга нь Дангаасүрэнгийн Энхбат гэдгийг бүгд мэдэх болсоор удлаа.

Д.Энхбатаар ахлуулсан “Нээлттэй мэдлэг боловсролын сан” төрийн бус байгууллагын албан хаягт давхар бүртгэлтэй “ЗАРЭМЭН Дистрибьюшн”, “Энериво” гэх хоёр компанийг хөөвөл ихээхэн сонирхолтой чиг гарна.

Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эл компаниуд “Зарэмэн” гэх хуулийн этгээдийн давхар эзэмшилтэй. Мэдээлэл технологи, программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг “Зарэмэн” нь Д.Энхбатын хүү Э.Анарынх.

Д.Энхбат 3 хүүтэйгээс Э.Санчир нь “Тод системс Би Ай” компанийн эзэн.

“Тод системс Би Ай” компанийн Улаанбаатар, Баянгол, 23-р хороо, зүүн ард аюуш 25, 114 тоот хаяг дээр 10 гаруй компани байдгаас хамба Д.Чойжамцын хүүгийн компани ч бий гээд бодохоор С.Бямбацогтын сүлжээ хил хязгааргүй болсныг харуулж байгаа юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жанцанноров хүртэл Монголын урлагийн зөвлөл төв, “Монголын гал голомт цогцолбор төв цэг” гэх хоёр төрийн бус байгууллагатай бөгөөд “Монголын гал голомт цогцолбор төв цэг” төрийн бус байгууллагынх нь Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан…

Урлаг соёл болоод хүний өөрийн улстөрийн намынхантай ингэж сүлбэлдсэн С.Бямбацогт дүү нарынхаа нэр дээр спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай.

Тэрчлэн гадаад худалдаа, барилга, улс хоорондын тээвэр, уул уурхай, дуудлагын жолооч гэх үйлчилгээ рүү ч хуруу, хумсаа шигтгэсэн увайгүй эр аж.

Төрсөн дүү С.Баянмөнх нь “Тод консалтинг”, “Жи Би монгол транс”, “Алтайстрой”, “Жи Эн Эс”, “Томцагаан ус” гэх аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, ундаа жүүс  үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай бол С.Баянчулуун гэх дүүгийн нь нэр дээр “Алтайнбарс клуб”, “Бизнес девелопмент групп”, “Ховд аймгийн сагсан бөмбөгийн нэгдсэн холбоо”, С.Балжиннямынх нь нэр дээр “БДБН хоршоо”, “Зэс эрдэнийн хувь”, “Вестернхолд” гэх компаниуд бий нь татвар төлөгчдийн мөнгийг жишим ч үгүй угааж, эргэлдүүлдэг эрх мэдлийн суудалд шигсэн хувалз, хулгайч гэр бүлүүдийн нэг юм биш үү гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм.

“Вестернхолд” компанийнх нь хаяг Ховд, Жаргалант, 2-р баг, Баатархайрхан, 1 тоот гэх бүртгэлтэй буюу тэрбум тэрбумаар “залгигч” мөнөөх “Алтайнзам” компанийн хаяг дээр хамт бий.

Энд аялал жуулчлал, гадаад худалдаа, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Алтайн нэгдэл” гэх компани бас байх жишээтэй. 

Дүү нараас гадна хүү Б.Билгүүний нэр дээр “Билигт барс”, “Гурван билэг констракшн”, “Билэг реалти” компаниуд бий.

“Билигт барс” компани эцгийнх нь “Бид нэг монгол”, “Хөгжлийн хөтөч манлайлал” төрийн бус байгууллагаас гадна “Билэг кредит” гэх компанитай давхар бүртгэлтэй байдаг учраас эцэг хүү хоёрын бизнесийг хоорондоо хамааралгүй гэж хэлбэл тэнэгтэл болох биз.

“Билэг кредит” компанийн нь гүйцэтгэх захирал С.Баянцогт гэхэд Санхүүгийн зохицуулах хорооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд “БНМАУ”, “Цомбон хэмжүүр”, “Ариун хардас” ХХК-ийг эзэмшигч.

“Хаан консалтинг” аудитын газар ч түүнийх.

Бүх салбарт ийнхүү савраа шигтгэж, шуналт шүлсээ үсчүүлсэн С.Бямбацогт гэх энэ эр “Нью прогресс групп”-ийнхээ өөр нэг хувьцаа эзэмшигч М.Нямдаваагаар дамжуулан утаагүй түлшний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт ч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг бололтой.

Барилгын салбарт ч танц эргэж, Улсын заан Ч.Батзоригтой хамтарч үйл ажиллагаа явуулдаг гэдгийг намынхан нь хэлж байна. Батзоригийн аав Чогсом УИХ-ын гишүүн С.Бямбацогтод сонгино тарихыг зааж өгч байсан “багш” нь гэж байгаа.

Салбар бүрт ийнхүү хуруу хумс, гар хөлөө гүн гүнзгий дүрчихээд буй энэ нөхөрт шуналынхаа уршгаар шүүхийн хаалга татсан өдрүүд ч бий.

Авлигатай тэмцэх газар “Ховдын мафи” гэх эрүүгийн хэрэгт 34 хүнийг холбогдуулан шалгасны нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Ингэхдээ хэргийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн засаг дарга асан Д.Галсандондог, СДЦХ-ийн дэд дарга н.Батзаяа, БНХАУ-ын иргэн Ху Лиан нарын хэргийг тусгаарлаж үлдээсэн байдаг.

Энэ хэрэгт ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Ж.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, БОАЖЯ-ны газрын дарга Ч.Батсансар, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга н.Ганболд, СХД-ийн ЦХ-ийн дарга н.Батзаяа, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга асан н.Баярсайхан, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль хамгаалагч нарын албан тушаалтнууд холбогдож байв.

Улстөр, бизнес, хууль хүчнийхний бүлэглэн үйлдсэн залилангийн хэрэг гээд товчхондоо нэрлэчихэд дээрх нэр бүхий нөхөд гомдоллоод байхгүй биз.

Учир нь улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан эргийг нөхөн сэргээх нэрээр ажил авчихаад нөхөн сэргээх биш эсрэгээрээ 13 га газарт гянт болдын өрөмдлөг хийж олборлосноо шүүх хурлын явцад өөрсдөө мэдүүлсэн байдаг. Хоёр дахь сонгон шалгаруулалтаар орж ирсэн “Бэлон”-ы Р.Баатархүүгийн “Өгөөжтэй өв” ХХК ч 2016 онд нөхөн сэргээлтийг 13 га газарт 60 хувьтай гүйцэтгэсэн болоод хаясан хойгуур нинжа нар орж уг газрыг дахин сүйтгэж улмаар 2017 онд нөхөн сэргээлтийг үргэлжлүүлэхээр болж байв.

Ийнхүү Улсын тусгай хамгаалалттай газрын хэвлийгээр бүлэглэн наадагчдын цагаандаа гарсан үйлдэлд дэм болж С.Бямбацогт Ховд аймгийн Цэцэг, Алтай сумыг эрчим хүчээр холбох өндөр хүчдэлийн трассыг өөрчлөн Цагаан эргээр дайруулан татуулснаар Гянт болд хууль бусаар олборлох цаашлаад уурхай нээх өгөөжгүй эхлэлийг тавьсан нь үнэн.

Улмаар ичих нүүрэндээ элэг нааж ирээд Цагаан эргийг тусгай хамгаалалтаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг 2017 онд УИХ-аар хэлэлцүүлсэн ч парламентын олонх дэмжилгүй унасан.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гогдоосоор парламентын босго даван бүлгийн дарга болж байсан гэгддэг С.Бямбацогт өдгөө Чой хамбын хормой хотноос зүүгдэн улстөрийн өөр бүлэг фракцийн суганд шигж, Зам тээврийн сайдын эрх мэдэлд шунан тэмүүлж байна.

Их шунасан нөхөрт төрийн жолоо бүү атгуул гэдэг… Гэрлийн хурдаар хөрөнгөжиж, барьцаатай барьцаагүй бүхий л зээл нэрт мөнгө угаалтаас хоцорч үзээгүй С.Бямбацогтын гэр бүл, Төрийн бус байгууллага нэрт орооцолдсон сүлжээнд цэг тавих цаг болж.

Түүнд холбогдох, хамаарал бүхий мэдээллүүдийг цувралаар хүргэнэ. Тэрбээр Засгийн газарт багтах эрх үгүй нэгэн юм…

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Leave a Reply

Your email address will not be published.