Монгол Улсын төрийн тэргүүний суудалд У.Хүрэлсүхийн баг өмссөн Н.Багабанди залраад удлаа, төрийн жолоог Н.Багабанди атгаж байгаа агаад У.Хүрэлсүх архи ууж, тэмдэг зүүхээс өөр шидгүй нэгэн болсон гэх яриа МАН-ын Их хурлыг угтаад эрчтэй яригдаж эхлэв.

Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх биш Н.Багабанди ажиллаж байгаа юм байх.

Уг нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 6 жилээр сонгогдсон анхны гэх тодотголтой хүн нь Ухнаагийн хүү. Гэвч түүнд төрийн одон медаль гардуулахаас өөр хийж чадах юм байхгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

У.Хүрэлсүхийг улс төрд хөтөлж оруулж ирээд энэ хүртэл чирч ирсэн хүн нь Н.Багабанди мөн. Үүнийгээ хэн хэн нь нууж хаалгүйгээр бахархан ярьдаг. Тэр хэрээрээ У.Хүрэлсүх ач санаж, Н.Багабанди хариу нэхэж явдаг гэдэг.

Н.Багабандийн хувьд титэм үг тэрлээд тэтгэвэртээ суух нэгэн биш. Цаашдаа ч тийм зүйл болохгүй. Тэр улстөр дэх шатрын хөлгөө үхэхдээ л хумиад одох байх.

МАХН-ыг Б.Даш-Ёндонгоос хүлээн авч байсан тэрбээр намаа гэхээс илүүтэй өөрийн нэр, өөрийн багийг л өнгөлж, өөлж ирсэн нэгэн. Нотолгоо нь 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль. 1996 оны УИХ-ын сонгуульд нам нь ялагдчихаад байхад тэр Төрийн тэргүүн болж байв. Сонгуулийн кампанит ажлаа Н.Энхбаярт биш С.Баярт даатгасан нь түүний нүүдэл байсан биз.

Ерөнхийлөгчөөр сонгогдож, намын даргын суудлаа өгөхдөө С.Баярыг санал болгосон ч Н.Энхбаяр тамгыг гартаа оруулсан. Тиймээс С.Баярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон гэдэг. Энэ үеэс Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөрчил ширүүсч, өдөр өнгөрөх тусам хурцдаж байв.

Н.Энхбаярын эрх мэдлийг хумих ажилллагааг Н.Багабанди удирдаж, С.Баяр гүйцэтгэсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй. Улмаар 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, намын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохоор УИХ-д оруулахад Н.Багабанди хоёр удаа буцаасан. Эцэст нь нэг намын нөхөд байж гурвантаа буцаалтай биш, хатуухан наймаалцлаар Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар батламжилсан гэдэг.

2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Багабанди дахин С.Баярыг кампанит ажлынхаа ерөнхий менежерээр ажиллуулав. Тэр улиран сонгогдож С.Баярыг ОХУ-д суух Элчин сайдаар илгээв. Уг нь С.Баяр АНУ-д суух сонирхолтой байсан ч Н.Энхбаяр нээнтэг тавьсан.

Цаг эргэж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр нэр дэвшив. Ингэхдээ намын даргын суудлыг С.Баярт алдахгүйн тулд М.Энхболдыг оруулж ирж, тамга атгуулсан ч Н.Багабандийн нүүдлийг хараахан тооцоолсонгүй.

Тэр Н.Энхбаяр М.Энхболд нарын дунд Худалдаа хөгжлийн банкийг хаяж зөрчилдүүлэв. Үр дүнд нь С.Баяр хэрхэн намын дарга болсныг бид мэднэ. Намын дарга болсон С.Баяр “Хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг” гээд Ерөнхий сайдаа авч байв шүү дээ.

Улмаар 2009 онд Оюутолгойн гэрээг С.Баярын Засгийн газар үзэглэж, хөшигний ард шатар нүүж шалаа хийж суусан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д бөглөөс болох үүдээ нээж байв. Уг нь Н.Багабандийн үүрэг Монголын талын 34 хувийг төлөөлж, баялгийн эздийн эрх ашгийг хамгаалах байсан ч тэр улс орон, ард иргэдийнхээ төлөө юу ч хийсэнгүй.

С.Баяр болоод Сү.Батболдын Засгийн газрыг дамнан Оюутолгойн ТУЗ-д суусан Н.Багабанди АН-ын засаглалын үед гэрийн булан бараадаж титэм үг тэрлэсэн ч 2016 оны сонгуульд МАН дахин ялахад эргээд л Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Түүнээс хойш энэ суудлаас ховхорсонгүй. Рио Тинто ч Н.Багабандиар дамжуулан эрх баригч намын тогоо шанаганд оролцож, Монгол төрийн тамгыг атгалцаж эхэлсэн гэлцэж байна.

У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгосон хүн нь Н.Багабанди. Т.Аюурсайхан нарын нөхөд шинэчлэл ярьж, М.Энхболд болоод Ж.Эрдэнэбатыг огцрохыг шаардан Төрийн ордонд лоозогнож байсан нь гэнэтийн явдал байгаагүй. Даргын үгнээс гардаггүй, зөрчлөө дандаа далдалж байдаг МАН анх удаа Засгийн газраа тонгорсон нь тэр байсан биз. Үр дүнд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга, Ерөнхийлөгч болов.

Үнэндээ У.Хүрэлсүх Н.Багабандийн үгнээс нэг ч удаа гажиж байгаагүйг он цаг гэрчилнэ.

Н.Энхбаярыг намаас хөөх үүргийг Н.Багабандиас авч, үг дуугүй онцсайн гүйцэтгэсэн. Ерөнхий сайдын тамгаа гардсаны дараа Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Х.Хэрлэнг томилох санаатай байсан ч Н.Багабандиас зөрч чадаагүй. Н.Багабандийн банхар гэгддэг Х.Бадамсүрэн түүний нь хариуд “Титэм үг” номыг нь 25 сая төгрөгөөр худалдан авсан шигээ шахаа, цавчаа хийж сууна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Х.Баттулгын гаргаж тавьсан Сү.Батболдтой холбогдох баримтууд нойлын цаасны үнэд ч хүрэлгүй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Сү.Батболд нарын 14 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эрх баригчдыг Рио тинто түлхүүрдэж байна гэх хардлагыг улам бүр лавшруулсан явдал болов.

Рио тинтогийн атгасан алтан түлхүүр нь Н.Багабанди…  

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үнэнч албат гэгддэг ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан А.Гансүх Сү.Батболдтой базууд. Тэрчлэн А.Гансүхийг З.Энхболд улс төрд хөтөлж оруулж ирсэн үүх, түүхийг орхигдуулж болохгүй. Харин С.Батболд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой ашиг сонирхол, бизнесийн холбоотой гэгдсээр олон оныг үдэж байна.

З.Энхболд нүүрс сонирхож, Монголын “Страто” Хятадын төрийн өмчит “TTJVCo”-ийн адил “дархан цаазат” болсон түүхийг С.Батболдгүйгээр ойлгоход төвөгтэй. “Страто” компанийн захирал А.Баттүшиг, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг, нэг оффист суудаг гэдгийг Эдийн засагч Л.Наранбаатар одоогоос жилийн өмнө мэдээлж байсныг энд иш татан саная.

Тэгэхээр аалзны торон сүлжээ шиг бүгд орооцолдсоор Рио Тинтотой ямар нэгэн байдлаар хамааралтай болчихоод байгаа нь энэ юм.

Тэр тусмаа Н.Багабанди Оюутолгойгоос хооллож байгаа цагт Монгол төрийн шийдвэрт Риогийн нөлөө орохгүй байна гэдэг үлгэр.

Уг нь Н.Багабандийг жилийн 100 000 ам.долларын цалин хангамжтай албан тушаалаас нь ховхлохыг хүсэгчид МАН-д олон. Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн тэргүүн болмогцоо түүн рүү сэлэм эргүүлж яваад өөрийгөө цавччих дөхсөн.

Тэрбээр хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад эргээд Оюутолгойд очин төрийн бүх мэдээллийг өгөөд явж байгаа. Тиймээс Оюутолгойн ТУЗ-ийн нэг гишүүнийг солино. Албан тушаалаас нь буулгаад ч зүгээр орхихгүй, эрүүгийн хариуцлага ярих болно хэмээн огцомдсон нь экс ерөнхийлөгч рүү шидсэн чулуу байсан гэгдээд байгаа.

Тиймээс хэзээ нэг өдөр толгой цусдаж мэдэх нөхрөөс одоо л салахгүй бол оройтно хэмээгээд Н.Багабандийн даалгавраар У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбоо хөдөлгөөнд орж, Д.Амарбаясгаланг дараагийн Ерөнхий сайд, намын дарга болгосугай гээд дарцаглан боссон юм байх.

Эл огцом хөдөлгөөнөөс эмээсэн Д.Амарбаясгалан ч намын түр даргатайгаа таарчихгүйн тулд ажлын өрөөгөөрөө ирэхээ больсон гэдгийг намынхан хэлж байна.

Зүүний хүчний холбоогоор тогтохгүй бусад бүлэглэл, фракцууд, тэрбайтугай Х.Баттулга, З.Энхболд, Ц.Элбэгдорж нар ч хөдөлгөөнд орж бужигналдаж эхэлжээ. Тэдний бүгдийнх нь эрх ашиг нэг цэгт төвлөрч, нэгдэж эхэлсэн мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Энэ талаарх мэдээллийг дараагийн дугаараар хүргэх болно…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Leave a Reply

Your email address will not be published.